Боловсролын шинэчлэл үү, мухардал уу?

2014 оны 12-р сарын 25. 15:53 Уншсан тоо: 1488   •   Сэтгэгдэл: 0

Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш яваад хүрэх Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй сайхан нутаг юм. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уурхайн хайгуулд өртөн сүйдэх болсноос энд нутагтай миний хамаатан ах баахан түгшүүрт автах болсон. Гэтэл энэ удаа тэр бас нэг бэрх юмтай тулгарсан байв. Энэ нь “боловсролын шинэчлэл”.

Тэр долоон настай хүүтэй. Хүү түрүү жил зургаа хүрч, сумын төвийн сургуульд явах байсан авч бэргэн тэр хоёр арай түвдсэнгүй. Хүү гэрээсээ хол одоход балчир, дээр нь тэд бусдын зовлонг цөөнгүй дуулсан тул хүүхдээ явуулж чадаагүй ажээ. Гэвч дараа удаа бэргэн хүүгээ даган сумын төвд суурьшиж, ах малаа харж нутагтаа үлдэхээс өөр аргагүй гэнэ.

Үнэн хэрэгтээ, боловсролын энэхүү хор уршиг малчдын хувьд уурхайгаас даван гарч байж ч мэднэ. Бодлогогүй уул уурхайгаас болж олон малчин түмпэн үүрсэн тэнүүлч уурхайчин болсоор атал өнөөгийн боловсрол малчин гэр бүлүүдийг хүүхдээр нь дамжуулан ийнхүү өөр нэг гунигт амьдрал руу түлхэх болжээ.

Өнөөгийн Монголын боловсролын бодлого, шийдвэрт дээрх мэт зовлон бэрхшээл, нийгмийн үр дагаварын талаар өчүүхэн төдий санаа зовинол үл харагдана. Гэтэл эрх баригчид нь “боловсролын шинэчлэл”-ийг дээр дээрээс нь давхардуулан явуулж байгаа хэмээх ба тоолж үзвэл, сүүлийн арван хэдхэн жилд явуулсан их, бага шинэчлэлийн тоо нь аль хэдийн 20 давсан ажээ.

Монгол дахь энэ олон шинэчлэл монголчуудад урьд өмнө огт байгаагүй, алс чинадад орших ямар нэг агуу зүйлийг олж авах зорилготой ажээ. Тэр зүйлийг нь “дэлхийн жишиг” хэмээн нэрлэнэ. Сүүлийн үед сурталчлан магтаж буйгаар, “Кэмбриж”, эсвэл “Зөв монгол хүүхэд”, “Авьяас”, “Ном” гэх мэт янз бүрийн гоё, содон нэртэй хөтөлбөр гэгч нь тун удахгүй таны хүүхдийн сургуулийг дэлхийн жишгээр боловсролын диваажин шиг болгож өгөх гэнэ.  

Гэтэл боловсролыг тэрхүү дэлхийн жишгээр шинэчлэхийн тулд хүн ард нь заавал зовж, золиослогдох ёстой юу?

Угтаа, “шинэчлэх” гэдэг үгийг толь бичгээс харвал энэ нь ямар нэг хүрч байгаагүй агуу зүйлийн тухай нэршил биш ажээ. Энэ үг дээр дурдсан шиг өөрчлөх, амьдрал бусниулах, зовоох, эсвэл дэлхийн жишигт хүрэх бус, харин ердөө л зөв болгох, байгаа зүйлийг засах, сайжруулах гэсэн утгатай.

Иймд боловсролыг шинэчилнэ гэдэг нь түүнийг ердөө засна, сайжруулна л гэсэн хэрэг. Аливааг засаж, сайжруулах эсэх нь түүний хаана, юу нь, яагаад ажиллахгүй байна вэ гэдгийг олж мэдэхээс шалтгаалах тул боловсролыг сайжруулна гэдэг нь түүнд буй бэрхшээл, асуудлын уг сурвалжийг олж мэдэхэд л байх ажээ. Харин боловсролын хувьд энэ л хамгийн түвэгтэй.

Хэдийгээр манай орны боловсролын хэрэг явдал ийнхүү хэцүү, түвэгтэй харагдах боловч түүний учиг, зангилааг хамгийн ойрын хугацаагаар хөөж үзэхэд энэ нь 1990 оны дунд үед тохиосон ийм нэг үйл явдал руу хөтөлдөг. Тухайн үед түүнийг “бүтцийн тохируулга” (structural adjustment) хэмээн даруухан нэрлэж байв. Гэвч хэрэг дээрээ, энэ нь манай оронд хэвшиж тогтсон ерөнхий боловсролын тогтолцоог үндсээр нь хөдөлгөн өөрчлөх эхлэл байжээ.  

1990-ээд оны эхэнд ЗХУ мөхснөөр эд материалын хувьд ч, мэргэжил аргазүйн хувьд ч түүний дэмжлэгээс шууд хараат Монголын боловсролын салбар тулгуур нь нурсан мэт хүнд үед шилжин орсон. Энэ үед нөхцөл байдал ямар байсан нь манай дунд сургуулиуд 1998 он хүртэл албан ёсны сурах бичигтэй болж чадаагүй байснаас харагддаг. Тусламжаасаа хагацсан энэ орон эдийн засгийн доройтлоос үүдэн сургуулиудаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж, багш нарын цалин саатах нөхцөлтэй болжээ. Харин энэ үед нөхцөл байдлыг ашиглан сөрөг хүчин нь багш нараар дамжуулан улс төрийн тоглолт хийв.

Чухам энэ үед л олон улсын санхүүгийн байгууллагын тусламжаар “бүтцийн тохируулга” нэрэн дор эдийн засгийн неолиберал үзэл Монголын боловсролын салбарт түрэн орж иржээ. Үр ашгийн тухай санаагаараа неолиберал үзэл ба америк сургуулийн загвар нь тухайн үед тэвдэж мэгдсэн монголчуудад аврал, бас үлгэрийн мэт үсрэнгүй хөгжих боломж хэмээн харагдсан байж болох ажээ. АНУ, Англид ихэд алдаршсан энэ үзэл тухайн үедээ дэлгэрч, Скандинавын орнуудыг хүртэл эзэмдсэн тул манай эрх баригчид үүнийг уухайн тас хүлээн авсан бололтой.

Неолиберал санаагаар, дунд сургуулийг зах зээлийн өрсөлдөөн дэх хувийн хэвшил, компанитай адилтган үзнэ. Энэ дүрэм ёсоор, боловсролын хэрэглэгч хэмээгдэх эцэг, эхийг урин татаж, хүүхдүүдийг нь сургах өрсөлдөөн сургуулиуд хооронд өрнөх бөгөөд хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулж, илүү сурлагын амжилт гаргасан сургууль олон сурагч элсүүлж, тэр хэмжээгээр урамшуулал хүртэх ёстой. Үүний тулд улсаас үйл ажиллагааны зардлыг сурагчийн тоогоор нь тооцож сургуулиудад олгох ба илүү олон сурагчтай сургууль илүү их санхүүжилт авна. Улмаар, үр ашигтай зарцуулалт, чөлөөт сонголт ба өрсөлдөөн бий болгохын тулд сургуулиудын өөрийн удирдлага, санхүүжилтийн эрхийг нэмэгдүүлэх ёстой.

Гэвч дээрх санаагаар өөрчлөлт хийсний дараа, дараах байдал үүсчээ. Тархан суурьшсан цөөн хүн амтай уудам нутагт хот, хөдөөгийн олон сургуулийг тэгш хүртээмжтэй санхүүжүүлж байсныг зогсоов. Хөдөө алс хязгаарын малчдын хүүхдийн бага сургуулиудыг үр ашиггүй хэмээн татан буулгасан ба зардал хэмнэхийн тулд орон даяар олон тооны багшийг цомхотгожээ (гэтэл үнэн хэрэгтээ цорын ганц сургууль бүхий хөдөө суманд чөлөөт өрсөлдөөн боломжгүй байв). Үүний зэрэгцээ, техник мэргэжлийн сургуулиудыг татан буулгав (гэвч, хэдэн жилийн хойно ажиллах хүч хомсдсон тул татан буулгасан техникийн сургуулиудаа цөөн тооны сургалтын төвөөр л орлуулсан).

Орон нутагт сургуулиуд удирдлага, санхүүжилтийн тодорхой эрхийг өөрт авсан боловч эхэн үедээ сайхнаар төсөөлж байсан шиг зүйл болсонгүй. Үүгээр сургуулийн захиралууд аж ахуй, хөрөнгийн ажилд илүү сонирхолтой, шунаг болж, сургууль даяараа захирлын суудлын төлөөх булайтай маргаан, хэрүүлд татагдан орох нь түгээмэл үзэгдэл болжээ. Энэ байдлаас шалтгаалан тус улсын нийслэл хотод хашаандаа биеийн тамирын талбайтай дунд сургууль ч бараг үлдсэнгүй. Сургуулийн спорт талбай хувийн барилгын компаниудын мэдэлд шилжив. 

Ялангуяа, хөрөнгийн үр ашиг, өөрийн удирдах ёс гэсэн шинэчлэлийн суурь үзэл баримтлал хэрэгжилгүй хоосон замхарсан юм. Төрийн эрхийн төлөөх сонгуульд улс төрийн намууд сургуулийг халамжийн газар болгох амлалтуудыг бие биенээсээ өрсөн өгөх болжээ. Үр дүнд нь, боловсролын шинэчлэлд дэвшүүлсэн гол зорилгынхоо эсэргээр суралцагчдад бэлэн мөнгөөр цалин тараах, сургуульд үнэгүй үдийн унд өгөх зэргээр их хэмжээний хөрөнгө үр ашиггүй урссан. Сургуулийн өөрөө удирдах ёс гэдэг нь бүр хөгийн зүйл болж хувирчээ. Учир нь, сонгуульд ялсан намын талынхан дунд сургуулийн удирдлагыг гартаа авдаг дархан жишиг тогтов.

Нэн харамсалтай нь, өөрчлөлтөөс хойш ерөнхий боловсролын боломж, хүртээмж иргэдийн хувьд улам бүр ялгаатай, тэгш бус болсон юм. Үүний нийгмийн үр дагавар үлэмж байв. Сургуулиудын хооронд хот ба хөдөөгийн, хотын захын ба төвийн, тусгай ба жирийн, баян ба ядуугийн, хувийн ба улсын, дотоод ба гадаадын гэх мэтээр боловсролын тэгш бус боломж, ялгаа гаарчээ. Үүнд хамгийн их өртөн анхаарлын гадуур хаягдаж гадуурхагдагсад нь малчид байлаа.

Харин дээрх байдлыг олон улсын судлаачид, түүний дотор америк судлаачид ч аль хэдийн анзааран харж, засах хэрэгтэйг хэдэн жилийн өмнөөс сануулж байсан юм. Тэдний ажигласнаар, монголчууд 1990-ээд онд авч нэвтрүүлсэн шинэчлэлийн үзэл баримтлал, америк сургуулийн загвараа гүйцэд ойлгоогүй байв. Ингээд энэ нөхцөлд өөрчлөлт хийсэн нь шинэчлэлийн үзэл баримтлалын утга учрыг үгүй хийж, гажуудалд хүрсэн ажээ. Улмаар, дутагдал, гажуудлыг засах цаг хугацаа хий дэмий өнгөрөх хэрээр тогтолцоо улам бүр ялзран авлигажих болсон юм.

Гэвч манай улсын боловсролын бодлого, шийдвэрүүд дээрх байдлыг засах талаар огт анхаарч байсангүй. Түүгээр зогсохгүй саяхны боловсролын өөрчлөлтүүд, түүний дотор “12 жилийн хөтөлбөр”, “Кэмбриж”-ийн гэгдэх олон улсын хөтөлбөр нь нөхцөл байдлыг улам муутгажээ. Харин урьд өмнө байгаагүй сүржин сурталчлах “Зөв монгол хүүхэд”, “Авьяас”, “Ном” хөтөлбөр нь нөхцөл байдлыг засахад өчүүхэн төдий ач холбогдолгүй, жүжиг шиг үзүүлбэр харагдана.

Хэрэв  боловсрол жинхэнэ утгаар шинэчлэгдэх хэрэгтэй бол “дэлхийн жишиг” нэрийн дор өмхөрч ялзарсан өнөөгийн байдал хэвээр үргэлжлэх боломжгүй болжээ. Юуны өмнө, сайжруулалт нь өнөөгийн тогтолцооны ташаарлыг залруулж, өөрийн гэсэн чиг баримжаа, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үзэл баримтлалд чиглэх нь тодорхой. Харин энэ үед Монголд америк маягийн ялгарал ихтэй сургуулийн тогтолцоо үнэхээр ажиллаж чадах эсэхийг олон талаас нь шүүн тунгаах хэрэгтэй хэмээн үзнэ. Монголын нийгэм, соёл, эдийн засгийн бодит байдлыг харгалзан үзвэл, эх газрын уламжлалд түшсэн, ач тусаа нийгэмд илүү тэгш хүртээх тогтолцоонд шилжих нь илүү боломжит арга зам байж болох юм.    

Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь, боловсролын бодлого юуны өмнө үл зөвшилцөл, онол номгүй, тооцоогүй хоосон амлалтаас ангижирч, үүний оронд боловсролын шинжлэх ухаан, судалгааны туршлагад л баттай суурилж авах хэрэгтэй.

 

П.Мягмар

Эх сурвалж: www.gashuun.mn

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92678

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82783

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72775

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57939

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51562

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48131

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33312

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29796

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28559

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28484

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26217

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26139

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25990

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25801

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24820

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22311

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20948

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20945

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20055

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19902

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19236

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19057

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18193

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17668

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17622

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17502

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16473

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16284

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15400