Барууны ардчилал биш, Үндэс шашныхаа талд зогссон Аун Сан Су Чи

2017 оны 9-р сарын 19. 02:59 Уншсан тоо: 1785   •   Сэтгэгдэл: 0

Аун Сан Су Чи хэмээх эмэгтэйн талаар арай л эндүү төсөөлж явсан бололтой. Барууны ертөнцийн “анд нөхөр”, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт түүнийг Монголын “ардчилсан тэмцэгчид”-тэй адилтгаж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, эсвэл ердөө л соёлын сайд асан Оюунгэрэл Жефригийн томруулсан хувилбар гэж хардаг байлаа. Гэвч 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ээлжит хуралд оролцохоор Монголд зочилсон Аун Сан Су Чи нэгэн айхтар зүйл хэлсэн байдаг. Тэрээр “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч илүү аюултай” хэлсэн нь яг л өнөөгийн монголчуудад зориулсан үгс болж таарсан билээ.

Аун Сан Су Чи өнөөгийн Мьянмар улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын тэмцэгч Аун Саны ууган охин юм. Тэрээр 1945 онд Зүүн Өмнөд Ази дахь Их Британийн колони Бирмийн (өнөөгийн Мьянмар) Рангүүн хотод мэндэлжээ. Аун Сан Су Чи багадаа эцгээсээ өнчирсөн байна. 1947 онд түүний эцэг Аун Сан улс төрийн хуйвалдагсдын гарт алагдаж, эх орон нь тусгаар тогтнолоо зарлах өрдийг үзэж чадаагүй ажээ. Тэрхүү улс төрийн хуйвалдаанд Их Британийн цэргийнхэн холбоотой байсан нь хожим тодорхой болсон байдаг.

Бирмчүүд 1948 онд Их Британийн колоничлолоос чөлөөлөгдөж, тусгаар тогтносон боловч ээдрээ, бартаатай замыг туулав. Бирм нь Английн бусад колони улсуудын адилаар Их Британийн эзэн хааны тэргүүлдэг Хамтын нөхөрлөлийн холбоо гэгчид элссэнгүй, өөрийн замыг хөөжээ. Тусгаар тогтносны дараа тус улсад улс төрийн ардчилсан тогтолцоо байгуулах гэж оролдсон боловч улс төрийн хүчнүүдийн үзэл суртлын зөрчил хурцдаж, улмаар 1962 онд генерал У Не Вин-ээр толгойлуулсан цэргийн эргэлт гарснаар социалист чиг баримжаатай нэг намын засаг тогтсон байна. 1974 оноос тус улсыг Бирмийн Социалист Бүгд Найрамдах Холбоот улс гэж нэрлэх болов. Хожим 1989 онд энэ нэрийг Мьянмарын Холбоо болгон өөрчилсөн ажээ. 

Аун Сан Су Чи-гийн залуу насны амьдрал нь Бирмийн улс төрийн амьдрал, тэмцэлтэй нэг их холбоогүй, харин ихэвчлэн гадаад улсуудад өнгөрсөн ажээ. 1960 оноос түүний ээж Су Чи Энэтхэг, Балбад Мьянмарын элчин сайдаар томилогдон ажиллах үед Аун Сан Су Чи Энэтхэгт христийн шашны сургууль, улмаар охидын коллежид дэвшин суралцаж, 1964 онд улс төр судлаач мэргэжил эзэмшжээ. Дараа нь тэр Их Британи руу явж, Оксфордын Сайнт Хью коллежид үргэлжлүүлэн суралцаж, 1967 онд философи, улс төр, эдийн засгийн ухаанаар бакалаврын зэрэг, дараа жил нь улс төр судлалаар магистрын зэрэг хүртсэн байна. Аун Сан Су Чи магистрын зэрэг авсныхаа дараа НҮБ-д ажилд орж, АНУ-ын Нью Иорк хотноо амьдрав. 1972 онд тэрээр Түвэд судлаач Майкл Аристай гэрлэж, тэд Александер, Ким хэмээх хоёр хүүтэй болжээ. 1985-1987 онд Аун Сан Су Чи Лондоны их сургуульд дорно дахины судлаач оуютнаар очиж, Бирмийн утга зохиол судлалын чиглэлээр ажилласан байна.

1980-иад оны сүүлээр социалист системийн ертөнцөд барууныхны дэмжлэгтэй жагсаал хөдөлгөөн ид өрнөлөө. Энэ үйл явдал социалист Бирмийг тойрсонгүй. 1988 онд Рангүүн хотод улс төр, эдийн засгийн шинэчлэл хийхийг шаардсан хэдэн зуун мянган хүний жагсаал болов. Гэвч Хятадын дэмжлэгийг авсан Бирмийн цэргийн засгийн газар жагсаалыг цагдаа цэргийн хүчээр нухчин дарж, 3000 орчим хүнийг хөнөөсөн ажээ. Чухам энэ үед Англид амьдарч байсан Аун Сан Су Чи Мьянмарын ардчиллын төлөө тэмцлийн туг болон гэнэт гарч ирлээ. Иймээс Аун Сан Су Чи-г “барууны тавиул” ардчилагч гэж бичих болсон юм. Бирмд өрнөсөн хөдөлгөөнийн үеэр генерал Со Маунг гэгчээр удирдуулсан цэргийн эргэлт дахин гарч онц байдал тогтоосон ба тэрээр ардчилсан сонгууль явуулж, ялсан нам хүчинд засгийн эрхийг шилжүүлнэ гэж мэдэгдэв. 

1990 онд Мьянмарын парламентын сонгууль болж, Аун Сан Су Чи-гийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг “ялалт байгуулсан ажээ. Гэвч цэргийнхэн амлалтаасаа ухарч, сонгуулийн дүнг хүчингүй болгоод, Аун Сан Су Чи-г гэрийн хорионд оруулжээ. Аун Сан Су Чи 15 жилийн турш хорионд суусан юм. Тэр цагаас хойш түүнийг ардчиллын жинхэнэ тэмцэгч, бэлгэ тэмдэг хэмээн олон улсад улам алдаршуулах болов.

Гэвч Мьянмарын цэргийн дэглэм олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ, шахалт дарамт, дотоод дахь улс төрийн жагсаал хөдөлгөөн, ургацыг нь сүйтгэсэн байгалийн гамшгийн улмаас олон улсын шаардлагыг арга буюу хүлээн авч, 2008 онд шинэ үндсэн хууль батлах санал асуулга явуулсан ба 2010 онд Аун Сан Су Чи-г гэрийн хорионоос суллав. 2010 онд Мьянмарын шинэ үндсэн хуулийн дагуу сонгууль явагдаж, цэргийнхний дэмжлэгтэй “Холбооны эв нэгдэл, хөгжлийн нам” ялсан боловч сөрөг хүчнийхний зүгээс сонгуулийн дүн будлиантсан гэж эсэргүүцжээ. Улмаар 2012 онд Аун Сан Су Чи-гийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” олон улсын ажиглагчдын дор Мьянмарт парламентын доод танхимын нөхөн сонгуульд оролцов. Энэ сонгуулиар Аун Сан Су Чи Мьянмарын парламентын доод танхимын гишүүнээр сонгогдож, түүний нам доод танхимын нөхөн сонгуулийн 45 суудлаас 43-ыг нь авчээ.

2015 онд Мьянмарт 1990 оноос хойшх  анхны чөлөөт парламентын сонгууль явагдаж, Аун Сан Су Чи –гийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” парламентын дээд, доод танхимд үнэмлэхүй олонх болжээ. Ийнхүү “Ардчиллын төлөөх үндэсний лиг” төрийн эрхэнд гарснаар, 2016 онд Аун Сан Су Чи шинээр бий болгосон Төрийн консул буюу Ерөнхий сайдын албан тушаалыг хашив. Мьянмарт "ардчиллын талынхан яллаа".

Гэвч өнөөдөр Мьянмарын Төрийн консул Аун Сан Су Чи нэгэн цагт өөрийг нь Мьянмарын ардчиллын бэлгэ тэмдэг, ялагч баатраар өргөмжлөн дэмжиж байсан барууны улсуудынхаа “дайсан” болон хувирч байна. 2013 онд Аун Сан Су Чи “ардчиллын диваажин” хочтой Монгол улсад ирээд, “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч илүү аюултай” хэлж байх үедээ эх орныг нь амаргүй тавилан хүлээж байгаа гэдгийг сайн мэдэж байсан мэт.

Аун Сан Су Чи-г засгийн эрхэнд гарсны дараа яагаад ч юм Мьянмарт угсаатан, шашины мөргөлдөөн улам ширүүссэн нь хачирхалтай. Өнөөдөр эдгээрээс лал шашинт Рохингья угсаатны асуудлыг барууны хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгойлон мэдээлж байна. Хэдэн үеийн туршид Мьянмарын баруун өмнөд муж Рахинд нүүдэллэн ирж суурьшсан бенгали гаралтай рохингьячууд лалын ертөнцийн улсуудаас дэмжлэг авч, Рахин мужийг Мьямараас тасдан авч тусгаарлах хөдөлгөөн өрнүүлсэн нь тус улсыг иргэний дайны байдалд хүргэж, улмаар олон мянган рохингья дүрвэгсдийн асуудлыг үүсгэв. Энэ үймээнд барууны улсууд, НҮБ, хүний эрхийн байгууллагууд бүгд л лалын хэт даврагсдыг бус, харин ардчилсан төртэй Мьянмар хийгээд Ерөнхий сайд Аун Сан Су Чи-г буруутгаж эхэлж байна.

Нэгэн цагт түүнийг ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч баатар хэмээн уухайлан алдаршуулж асан барууны ертөнцийн улсуудад одоо түүнийг “хүний эрхийг зөрчигч”, “Нобелийн шагналаа хураалгах ёстой гэмтэн” хэмээн цоллож, мянга мянган хүмүүс гудамжинд жагсаал хийж байна. Гэвч Аун Сан Су Чи олон улсын шахалтыг үл хайхран, лал шашинт салан тусгаарлагчдын асуудалд “ардчилал, хүний эрх” ярих бус, харин “үндэстний эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа” хадгалах байр суурь дээр зогсож, НҮБ-ын ээлжит Чуулганд оролцохоос татгалзжээ. Тэрээр Мьянмарын угсаатны асуудлыг хэт нэг талаас нь мэдээлж буй барууны хэвлэл мэдээллийг шүүмилж, байр сууриа хамгаалж байна. Мөн тус улсын засгийн газар НҮБ, барууны улсуудын дарамтын эсрэг, Орос, Хятадтай хамтран ажиллах төлөвөлгөөтэй байгаагаа ч мэдэгдэв.       

Тэгэхээр үнэн хэрэгтээ өнөөгийн “ардчилсан” Мьянмарт ямар асуудал нүүрлээд байна вэ? Гол асуудал цэргийн дэглэм, эсвэл ардчилсан дэглэмд ч бус, харин өөр зүйлд байгаа бололтой. Тэр нь энэ улсын асар их байгалийн баялаг юм. Зүүн Өмнөд Азид улс төр, эдийн засгийн хувьд чухал байрлалд оршдог, 50 орчим сая хүн амтай энэ улсад нефт, байгалийн хийн ордууд шинээр олдож, төрөл бүрийн эрдэс чулуулаг, үнэт чулуу, алт, зэс, ой мод, асар их усны нөөц гээд бараг бүхий л байгалийн нөөц тогтоогдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Мьянмар улс баялгийн хараалт өртөх магадлалтай гэсэн таамналыг барууны хэвлэлүүдээр бичиж эхэлсэн нь бас хачирхалтай. Иймд “Ардчилсан” Мьянмарын ард түмэн баялагаасаа хүртэж чадах эсэх нь эргэлзээтэй бололтой.

 

 

Ш.Лантуу

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2017 оны 10-р сарын 30. 06:07Зочин - [202.9.41.***]

tiimee ter bol eh oronch emegtei

2017 оны 10-р сарын 10. 00:20Зочин - [182.160.3.***]

Шашин үндсээ хамгаалагч баатарлаг эх оронч эмэгтэй байна. Манай монголын эмэгтэйчүүд энэ хүнээс үлгэр дууриал авах хэрэгтэй. Түүн шиг шарын шашин, монгол үндэс угсаагаа хамгаалан тэмцэх хэрэгтэй.

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 92678

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 82783

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 72776

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 57940

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51562

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48132

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42680

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33312

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29796

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28560

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28485

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26218

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26140

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 25990

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 25802

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 24821

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22311

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 20948

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 20946

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20055

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19902

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19236

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19057

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18193

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17668

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17623

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17502

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16474

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16284

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 15400