Зүрхний хилэн-г үзээд төрсөн сэтгэгдэл

2017 оны 11-р сарын 7. 21:54 Уншсан тоо: 279   •   Сэтгэгдэл: 0

Нэгдэж, "1000 сонсохоор 1 үз!" гэдэгчлэн, бусдыг дагаж бараа сургаар шүүмжилсэнээс бодитоор үзэж харъя гэж бодсоных, хоёрдож гэвэл, хүний газар, ертөнцийн мухарт, эх орноосоо алс суудаг бид чинь өөрийнхөө урлаг соёлоор ямагт цангаж явдаг болохоор сайн муу, сайхан муухайг нь голж шилэх сонголт угаас үгүй тул ирсэн болгоныг нь цангасан адуу шиг шүлэнгэтэж үздэг, нөгөөтэйгүүр "үндэснийхээ кино аж үйлдвэрлэлийг дэмжих" үнэнхүү эх оронсог сэтгэлтэй хэнхгүүдийн нэг мөний учир Netflix-ээр үзэж байсан Narcos-oo түр хойш тавиад, соц нийгмийн үед түмэнд хүрсэн Ж.Пүрэв гуайн романы нэрийг зээлдэж, олны зэмлэлд өртсөн, дэлгэцэнд гарахаасаа өмнө л сүртэй лого, трэйллэрээрээ үзэгчдийг "байлдан дагуулсан" "ЗҮРХНИЙ ХИЛЭН" киног Hollywood Blvd дээр байрлах Ransdall Gallery Theatre-т үзлээ. Зөвхөн бэлэн мөнгөөр үзүүлнэ гэснээс болсон уу, оройн 7 цагийнхыг нь үзэхээр очтол гадаа нь пиг хүн, эхлээд билетэндээ, дараа нь кинондоо гэхчлэн 2 дахин оочирлож байж оров. (Дараа дараагийн кино үзвэрийг зохион байгуулах хүмүүс онлайнаар билетээ зарахад анхаарах биз ээ.) Энэхүү сэтгэгдлээ би монгол киноны үнэнч "фэн", монгол киногоо дэлхийн "дэвжээнд" гараасай гэж бусдын л адил бодож явдаг жирийн нэг үзэгчийн хувиар сайныг санаж, дараа дараагийн хийх кинондоо зөв талаас нь тусгаж аваасай гэж бодож бичлээ. Би киноны үйл явдлыг дэс дараалан тоочихгүй, энд тэндээс нь түүж, сэтгэлд торсон бүхнийг хамж шимээд бичих тул та бүхэн бас түүгээд ойлгоно биз ээ. Андуу эндүү бодсон байх аваас авах, гээхийн ухаанаар хандаж, өршөөн хэлтрүүлнэ биз ээ. Сайжрахыг бэлгэдэн, саараас нь А гэж эхлээд, сайнаар нь Б гэж хаагаад явчихъя!

За, ингээд кино маань эхэллээ!

1. ҮЙЛ ЯВДАЛ

А. ӨӨР КИНОНЫХТОЙ ДАВХАЦСАН КАДРУУД:

Манжийн амбан, жанжин Фун Жоу залран ирж буй замд киноны гол баатруудын нэг Эрболд, эхнэр, ээж хоёрынхоо хамт нүүж яваад таарах бөгөөд -Зам тавь! гэж хэлсэн амбантны бараа бологчийн өмнөөс (мэдсээр байж) үг сөрж хэдэрлээд, ташуураар гөвшүүлж, баривчлагдан Батгүнд хоригдох нь залуухан Марк аав, авга хоёрынхоо хамт их хааныг зорьж яваад, хааны цэргүүдтэй халз тулгарч ихэнх хүмүүсээ алуулаад, Хубилайн ордонд баригдаж хүргэгддэг, Нэтфликсийн Марко Поло цувралын эхлэлтэй тун төстэй санагдав. Энд тэгэж зөрчилдүүлэх ноцтой шалтгаан үүдсэн үйл явдал огт болоогүй байхад киног эхнээс нь шууд түгшүүртэй өрнөл рүү хүчээр хөтлөх нь жаахан тийм. Жүжигчдийн тоглолт ч нэг л үнэмшилгүй. Дараа нь "Уулын өвгөн" гэх хочтой сайн эрийг нөхдийнх нь хамт хориод, эхнэрийг нь эрүүдэн шүүхэд эхнэр нь шоронгийн хуягийг үзэн ядаж, нүүр лүү нь нулимах нь "Мандухай Сэцэн Хатан" кинон дээр Мандухай Исмэлийн нүүр лүү нулимдаг хэсэгтэй, дунд хэсэгт амбантны ордны гадаах талбайд сайн эрчүүд баригдаж ирээд манжийн цэргүүдтэй балбалцдаг хэсэгт нэг сайн эр нь "дүүгүүр" Лодойг хүүтэй нь гаргаж зугтаалгаад, өөрөө хаалгаа хаагаад үлдэх нь Мандухайн төгсгөлийн анги дээр, хааны ордонд Исмэлийн урвалгаар халдаар ирсэн цэргүүдтэй үзэлцэж байгаа ордны хэвтүүл "-Хатантан минь, та цаашаа бай!" гээд хаалга хаадагтай тус тус давхцах нь хачин!

Төгсгөлд нь адуу хөөдөг хэсэг яг өнөөх Д.Маамын зохиол, И.Нямгаваагийн найруулсан "Газар Шороо" киноны төгсгөлтэй тун төстэй, тулаанаараа л илүү болохоос. Мэдээж, нэг цаг үе, нэг сэдвээр хийсэн болохоор ижил агуулгыг дүрслэх нь ойлгомжтой боловч манж амбаны байр байдлыг асарт суугаагаар биш, арай өөрөөр илэрхийлж болоогүй юм болов уу гэж бодогдов.

2. КОМЬПЮТЕР ГРАФИК, АНИМЭЙШН

А. "МАНЖ, МОНГОЛЫГ ХАРААД Л ЯЛГАДАГ ДИЖИТАЛ ЧОНО"

Хар тамхи ачсан хятад жинчдийн цувааг дайрах үедээ сайн эрчүүд чоно мэт улин бие биедээ дохио өгөх ба тэр дуунаар хаа нэгтэйгээс нэг "ориг чоно" гэнэт гарч ирээд тэдэнтэй "хүч хавсран" жинчдийн хамгаалагч манж, хятад цэргүүдтэй үзэж тарах ба алалцахын наахна байсан манж, монгол хоёрын өмнө дүрээ огцом хувилган "дижитал чоно" болон "төрөл дээшлээд" архиран байснаа шууд л манж цэрэг рүү дайран хоолойг нь тасар татах нь үнэхээрийн бахтай, жинхэнэ "эх оронч чоно" ажгуу! 

Манай алдарт аниматорууд арай л дэндүү "амилуулчихсан" шүү! Уг нь нохойгоор ноцуулж зураг аваад, дараа нь чонын дүрсэд хувиргасан бол арай дээр болох байж уу, ингэж элэг авсан юм хийж байснаас хийгээгүй нь дээр байж. Анимэйшн гэдэг чинь уг нь амилуулахын нэр биз дээ?! Манай амилуулагчид яагаа ч үгүй байгаа нь эндээс тодорхой харагдана.

Киноны чимэглэл-хошин дүр болох, сайн эр болохын хүслэнд автсан нэг нөхөр манж цэргүүдэд хөөгдөж яваад хадан хавцлын дээгүүр морьтойгоо дүүлэн харайдаг хэсэг бол энэ киноны "уянгын халил", үзэгчдийг уулга алдуулсан хэсэг! Уг нь гоё сэтгэсэн, даанч гүйцэтгэл нь бас л тиймхэн. Өнөөх харайсан морины хойд хөлийн тагалцага нь уртаа гэгч сунаад, хэтрүүлэг байлаа байлаа гэхэд арай л хэтэрхий урт болсон харагдав. Желал Ад Динийг элдсээр Инд мөрөнд тулгахад мань эр морьтойгоо эгц хадан хясаан дээрээс эрчилсэн их мөрөн рүү харайн гараад, бас болоогүй сэлмээ гозолзуулан зүхэхэд түүнийг харвах гэсэн цэргүүдээ Чингис хаан хориглон болиулж, эр хүн, эр цэрэг гэдэг ийм л байх ёстой гэж хэлж байсан гэдэг. Яг түүн шиг, хавцал руу унахтай зэрэгцэн хавцлын нөгөө эгц хананы шовх хад руу бугуйл шидэн зүүгдэж амь гарч байгаа сайн эрийг буудах гэсэн цэргээ Жамьян захирагч "-Эр зоригийг нь үнэл!"-эн хориглон болиулж байна! Бас л гайхалтай давхцал! Үүнийг түүхээсээ санаа авсан бүтээлч эрэл хайгуул уу, бэлэн будаа идсэн "копи-паст"-уу гэдгийг ёстой мэргэжлийн урлаг судлаачид нь л хэлэх биз ээ. 

Б. АНИМЭЙШН ГЭДЭГ АМИЛУУЛАХЫН НЭР

Бодит байдалтай холбож, "обший план"-аас ойртуулан томруулах холбоосыг нь сайн хийгээгүй л болохоос, хаа очиж Улиастай хот, Манжийн амбаны орд өргөөг харуулсан график нь дүрслэл сайтай, үнэмшилтэй болсон. Дээр нь монгол бичиг, кирилл хослуулсан, утаа, металл эффекттэй үсгээр бичсэн киноны нэр энэ тэр үнэн тасархай байлаа гэж урам хайрлая!

3. ДҮР БҮТЭЭЛТ

А. ИХЭНХ ЖҮЖИГЧДИЙН ТОГЛОЛТ АМЬД БИШ

Солонгос сериалын нөлөө юу, сүүлийн үеийн кинонд нэг л их орилж хашхирсан, багтартлаа бархирсан, енгэнэтэл уйлсан, эсхүл ямар ч шалтгаангүй арзайтлаа инээсэн эрчүүд гардаг болчихсон нийтлэг хэв шинж энэ кинонд ч бас илэрхий үзэгдэв. За, мэдээж эрх чөлөөгүй, дарлагдсан, цөвүүн цаг үеийн уур бухимдал, үзэн ядалт, өшөө хорсол байлгүй л яах вэ! Жишээ татан хэлье! Сайн эрчүүл шоронгоос оргоод, голын эрэг дээр, хэсэг зуур яах ийхээ ярилцан суух үед өнөөх жинхэнэ сайн эр болохын хүслэнтэй залууг нэг үг хэлж дуусаагүй байтал (инээхээр юм ер яриагүй) бүгдээрээ галзуурсан мэт гэв гэнэт, нэгэн зэрэг, учир зүггүй харжиганатал инээх нь үнэхээрийн жигтэй! Би л лав яагаад инээснийг нь ойлгосонгүй өнгөрөв. Мөн энэ жигтэй явдал тэднийг агуйд бүгэж байхад ч хэд хэд давтагдав. Уг нь хээрийн хойморт, хээгүйхэн байгаа, хийморь босоо, өөдрөг гэгээн сэтгэлтэй, үйлс зорилго нэгтэй эрсийн нөхөрлөл, хэсэгхэн зуурын баяр баясал, инээд хөөрийг харуулах гэж зорьсон бололтой. Даанч байгаа оносонгүй. 

Жамьян туслагч төрсөн гэртээ очих үед, дөнгөж уулзмагцаа аав, хүү хоёр хэрэлдээд эхлэх нь логик авцалдаагаар тааруухан.
Хэд хэдэн тохиолдолд, зарим жүжигчид юу хийх ёстойгоо мэдэхгүй алмайрах, дүрдээ орж өгөхгүй мунгинах нь илт харагдаж байв. 

Б. ДҮРДЭЭ ОРСОН ГАНЦ ЖҮЖИГЧИН

Үнэхээр дүр дээрээ ажилласан, зарим талаар нэлээд үнэмшилтэй тоглосон жүжигчин гэвэл Золбоот байна. Ялангуяа хүүгээ алдчихаад, тэврээд яахаа мэдэхгүй аргаа баран, бахардан уйлж байгаа хэсэг бол үнэн аймаар! Өөрийн эрхгүй самсаа шархирав! Тэгэж дүрдээ орсон монгол жүжигчнийг 21дүгээр зуун гарсаар би лав үзсэнгүй! Жүжигчин хүн ингэж л дүрийг амилуулах ёстой! Золбоот танд баяр хүргэе!

3. ХАРИЛЦАН ЯРИАНЫ "ХАЛУУХАН ҮГС"

А. Орчин үеийн хэллэг.

Түүхэн сэдэвтэй кино бүтээхэд тэр цаг үеийн хүмүүсийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, соёл ахуй, аж амьдрал, шашин шүтлэг тэдгээрийг дагаад сэтгэхүй, хэл яриа нь ямар байсан зэргийг нэвтэрхий судалж гэмээнэ тухайн цаг үед үзэгчдийг аваачиж чадах, итгүүлэн үнэмшүүлэх хүчтэй кино хийж чадна. Тэгтэл энэ киноны жүжигчид орчин үеийнхээ сэтгэхүй, яриатай тэр үеийн хувцас, ахуйтай дүрд "тоглочихож". 

Торж үлдсэн зарим үгс; Энэ асуудлыг та л, гэр бүлээ боддоггүй, давуу тал болж, (Тэр үед ер нь асуудал, гэр бүл, давуу тал... энэ тэр гэж албархдаг байсан уу даа?!)

Б. Гол ба туслах дүрүүд ихэвчлэн толгой холбон шүлэглэж ярина.
...
Ард Монголынхоо төлөө 
Атгахан зүрхнийхээ хилэнгээр... (Эрболд)
...
Хэзээ чамайг ирэх бол гэж
Хэлхээтэй өдрүүдийг тоолж суулаа... (Жамьянгийн ээж-Н.Сувд) гэх мэт.

4. ДҮР СОНГОЛТ

A. Сэтгэлд хүрээгүй дүрүүд:

"Нөгөө л хууччуул" буюу кино болгонд ёс юм шиг ордог АЖ, Гавьяатууд болох Жарантав, Цог, Сувд, Төмөрбаатар, Дамдин, Равдан, Мягмарнаран, Оюундарь нар тоглосноос дүрээ ганц авч гарсан нь хятад пүүсийн данжаадад тоглосон Жарантав гуай л байв. Бусад нь үнэхээр явахаа байж ээ! 1990 он гарч, Кино Үйлдвэр тарж бутарсанаас хойш 2000-аад оны эхэн хүртэлх 10-аад жилд үнэндээ монгол кино уналтын байдалд байсан, тэр үед хуучны ахмад жүжигчид маань амь зуухын эрхээр зарим нь хувиараа жаал жуул аж ахуй эрхэлж, ихэнх нь гэртээ сууж, өвөө эмээгийн ажил хийсэн. Зарим нь архи дарсанд орж, уруудаж гундаж явсаар мөнх бусыг үзэцгээсэн. Үлдсэн хэд нь 2000-аад оноос хойш сэргэх хандлагатай болсон кинондоо эргээд ортол тамирчнаар бол "формоо алдчихсан" байсан нь дараа дараагийн жилүүдэд хийсэн кинонуудыг харж байхад илт анзаарагддаг. Авьяас тэтгэвэрт гардаггүй ч арчилж тордохгүй, байнгын бэлтгэлтэй байхгүй бол ийн зэвэрдэг ажээ. Хүн чаддаг байсан юмаа чадахаа байх шиг гунигтай юм үгүй. 

Яг ийм харамсал ноднин Азийн Ертөнц кино фестивалийн үеэр, АЖ Мэндбаяр гуайн тоглосон "Ээж" киног үзэхэд төрж байсан. Хорвоогийн жам, насны юмыг яах ч арга алга. Хэрвээ тэд маань формоо алдаагүй байсан сан бол энэ кинонд ёстой л "яралзуулаад өгөх" байлаа. "Нөгөө л хууччуул" гэж залхсан байдлаар хэлсэн учир гэвэл тэдэнд дургүйдээ биш манай киночид шинэ, залуу авьяастнуудаас гадна өнөөгийн кинонд шинэ дүр төрх гаргаж чадах, олонд танил болоогүй ахмадуудыг ч эрж хайх цаг болжээ! Шилийн сайн эрчүүлийн дүрд хот газрын булбарай цагаан царайтай залуус, огт зохиогүй сахал нааж, хөө түрхээд гүйлгээд байхын оронд хөдөөнөөс сайхан хөрслөг бор, хүдэр бадар залуусыг олж ирээд, шилж сонгоод тоглуулж болдоггүй юм уу?! 

Гаврошийг чи сана л даа гэдэг шиг Далайцэрэнг та нар сана л даа! 

Б. Сэтгэлд хүрсэн дүрүүд гэвэл: 

Фүн Жоу жанжин-Барслхагва, Жамьян туслагч-Алтаншагай, жинчдийг хамгаалж явсан манж, хятад цэргүүд, "дүүгүүр" Лодой-Золбоот, Базар-Ганчулуун.

5. ХӨГЖИМ

Зөөлрөх газраа зөөлөрмөөр байтал тувт "Цүн-цүн, рүн-цүн, цүн-цүн, рүн-цүн!" гэж түгшүүлсээр байгаад л дуусгав. Уг нь киноны зохиомж ч гэсэн зарим газраа тайвшруулах, үзэгчдэд бодох хором, зогсох орон зай, тайвшрах чөлөө өгмөөр, гэвч тэгсэнгүй тувт "довтолгосоор" байгаад л өндөрлөв. Уг нь аливаа бүтээлийн эхлэл, өрнөл, туйл, тайлалыг нэгтгэн бодож, хэрэгтэй газар нь тийм нэг "Пауз" авч баймаар...гэх мэтээр бичээд байвал зөндөө л юм байна.

6. ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД

Ер нь энэ киног их л яарч хийсэн санагдлаа. Төр нь хямарч, түмэн нь ядуурч, гадныханд байдгаа барьж, өрөнд барьцаалагдсан энэ цөвүүн цагт өвөг дээдэс маань юуны тулд, хэний төлөө халуун амь, бүлээн цусаа харамгүй урсган, тэр бэрх цагт тэмцэж, ялагдаж, ялж явсаар бидэнд энэ сайхан газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирч өгсөний үнэ цэнийг сэргээн сануулахуйц түүхэн сэдвийг зоригтой барин авч, чадах хэмжээндээ, хэр чинээгээрээ харуулахыг хичээн зүтгэсэн явдалд нь энэхүү киног бүтээсэн нийт уран бүтээлчдэд баяр хүргэе! Нэгэнт түүхэн сэдэвтэй киног өчнөөн мөнгө хөрөнгө, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээж байгаагийнх хангалттай цаг зарж, тун нухацтай хандах байж дээ гэсэн бодол төрснийг нуух юун. Орчин цагт аливаа бизнес, тэр тусмаа шоу бизес-кино урлаг үзэгч төвтэй, хэрэглэгчийн эрэлт хүсэлт, таашаалд нийцүүлж бүтээгдэхүүнээ сайжруулдаг болсон цаг. Жирийн үзэгч би төлсөн мөнгөндөө харамсахгүй гарч байвал сайн кино боллоо гэсэн үг. Дараа илүү сайхан кино хийгээрэй гэж ерөөе!

Жич: (Манай хүүхнүүд кино үзэх гэж биш утсаа ширтэх гэж ирсэн юм уу бүү мэд хоёр талд "ухаалаг утас"-аа ухаан жолоогүй "илж таалах" нь, улаан нүүрэн дээр "паржуугтар" тусгачихсан юм шиг, нүд гялбуулаад, нүүр шазвалзуулаад, кино үзэхэд үнэн төвөгтэй байсныг дурдалгүй өнгөрч боломгүй! Жаахан ч гэсэн соёлтой байвал, тийм ээ?!)

 

"Зүрхний хилэн"-тэй үзэгч; Л.Мөнхтөр


Лос Анжелес 2017 оны 11 сарын 7

 

 

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 93166

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 83522

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 73672

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 58384

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 51788

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 48362

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 42981

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 33438

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 32498

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 29899

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 28926

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 28646

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 26407

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 26356

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 26348

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26316

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 25035

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 22426

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 21194

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21024

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 20216

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 19979

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19328

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19161

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 18265

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 17875

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 17746

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 17669

Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив Уншсан тоо: 16636

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 16361