Хятад хүн ба жижиг арал 1: Хонг Конгийн боловсролын тогтолцоо

2013 оны 11-р сарын 24. 15:08 Уншсан тоо: 2490   •   Сэтгэгдэл: 0

ӨМНӨХ ТАЙЛБАР: XIX зууны сүүл үе гэхэд Британий эзэнт гүрэн өөрийн эзлэн авсан асар уудам нутагт олон тооны колони эзэмшилтэй болжээ. Британий эзэмшилд Африк, Өмнөд Азийн олон хүн амтай газар нутгаас эхлэн Манж Чин улсаас булааж авсан боомт арлууд хүртэл орж байв. Британичууд энэ уудам нутгийг хянан удирдах явцдаа хэрэгжүүлсэн нэг нүсэр ажил нь колоний хүн амын элит хэсгийг сурган бэлтгэх боловсролын тогтолцоо байгуулах байсан юм.

Дэлхийн II дайны дараа Британий колоничлолын төгсгөл ирсэнээр олон улс үндэстэн өөрийн тусгаар тогтнолыг олж авав. Гэхдээ өнөө цагийн тэдгээр үндэстнүүдийн боловсролын тогтолцоо колоний боловсролын суурин дээр боссон ажээ. Иймд тэдгээр нь колоний үеийн онцлог шинжийг өнөө хүртэл хадгалсан байна. Гэхдээ үүний зэрэгцээ тэдгээр тогтолцоо Ази, Африкийн хөгжил буурай орнуудын нийтлэг шинжийг ч илтгэх ажээ.

Харин тэдгээрээс хоёр тогтолцоо ялгарч гарч ирсэн юм. Эдгээр нь Хонг Конг, Сингапурын боловсролын тогтолцоо билээ. Сингапур болон Хонг Конг нь олон улсын боловсролын үнэлгээнд өндөр рэйтингтэй орноор тогтмол шалгарчээ. Энэ нь хэн бүхний өмнө нэг асуултыг тавив: Хонг Конг, Сингапурын тогтолцоо яагаад бусад хуучин колони орнуудаас ийм эрс ялгаатай байна вэ?

Судлаачид дээрх асуултын хариуг хятад үндэстний өвөрмөгц соёлын онцлогоос эрж хайж байна. Тэдний өгүүлж буйгаар хятад угсаатан давамгайлсан хүн ам бүхий Хонг Конг, Сингапур арлын сургуулиуд хятад соёлд зохицож чадсан ажээ. Өөрөөр хэлбэл, хариулт нь яах аргагүй хятад хүний ур ухаан байжээ. Юуны өмнө күнзийн сурталт хятадууд сургуулийн зорилгыг өөрийнхөө үзлээр дамжуулан харж, улмаар зорилгынхоо төлөө алсын хараатай цуцалтгүй зүтгэж чадсан байна. 

Хятадуудын хувьд сургууль нь хамтын соёлд суурилсан хүмүүжил, ёс суртахууныг бий болгох үүрэгтэй ажээ. Үүний зэрэгцээ хятадууд хүн авъяас чадварыг хичээнгүй хөдөлмөрөөр л хамгийн сайн сурна гэж үзэх тул сургуулиудад сурагчдаас хичээнгүй хөдөлмөр шаарддаг байна.

Хонг Конг, Сингапурын сургуулиудын зорилго нь сурагчдад үнэнч шударга зан, шилдэг чадварын төлөө зүтгэх хөдөлмөрч чанар, эрхэмсэг, даруу төлөв зан, хамтын сайн сайхны төлөө сэтгэл бий болгоход чиглэсэн ажээ. Сүүлийн үед тэдгээр аралд явуулж буй сургуулийн шинэчлэл уламжлалт соёлын онцлогийг нь ч илтгэж байна. Жишээ нь, Хонг Конг аралд хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн шинэчлэлийг хамтын үнэт зүйлд түшиглэн явуулжээ. Энэ шинэчлэлд хамтын хэлэлцүүлэг, хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл нь одоо Монголд явуулж байгаа шиг хоосон сурталчилгаа (пиар) бус, харин иргэдийн идвэхтэй оролцоог хангаж байгаа юм.   

Монголд дээрх тогтолцооноос сурах зүйл бий болов уу? Манай улсын бодлого гаргачид бид тэднээс сурсан хэмээн мэдэгдэж байна. Тэд Сингапураас жишээ авч Их Британий Кэмбриджийн гэх нэртэй шинэчлэлийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Гэвч үнэндээ энэ нь тэд Хонг Конг, Сингапураас юу ч сураагүй гэдгийг л харуулж байна. Хэрэв тэд Хонг Конг, Сингапураас сурч, ойлгосон бол Кэмбриджийн тогтолцоог авна гэж хэзээ ч ярихгүй байх байсан билээ! 

 

ОРШИЛ

Хонг Конг нь эхэндээ загасчдын жижиг арал байв. 1824 онд Хятад (Манж Чин улс. орч) Хятад-Британий дайн (Хар тамхины дайн)-д ялагдсаны дараа тус арлыг Британий засгийн газрын эзэмшилд алджээ. 19-р зууны сүүлээр байгуулсан гэрээгээр Хятад нь Коулуны хойг ба Шинэ газраа 99 жилийн түрээс гэгчээр Британид бас алдав. Хонг Конг нь Дэлхийн 2-р дайны төгсгөлөөр Хятадтай хийсэн бусад бүх “тэгш бус гэрээ” цуцлагдах үе хүртэл колони гэсэн статустай хэвээр байсан юм. Харин 1997 онд 99 жилийн гэрээ дуусгавар болсон билээ. Дэн Сяопинээс Британий ерөнхий сайд Маргарет Тэтчерт хандсан тэр нэг гэнэтийн сануулгын дараагаас Хонг Конгийн эзэн мэдэх эрх “нэг улс, хоёр тогтолцоо” гэх ойлголт дор Хятадад эргэн иржээ.

Дээрх тохиролцоогоор Хятад Хонг Конгийг эзэн мэдэх эрхийг өөрт дахин олж авсан боловч Хонг Конг нь “Үндсэн хууль” (Basic Law)-ийн дор өөрөө хууль тогтоох эрхтэй үлдсэн бөгөөд батлан хамгаалах, дипломат харилцаанаас бусад бүх салбарт бие даах эрхтэй болжээ. Хятадын Тусгай засаг захиргааны бүс (ТЗБ)-ийн хувиар Хонг Конг нь Бээжингийн засгийн газраас үл хамааран өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, бодлогоор дамжуулан бие даасан хууль тогтоох бүтцийг хадгалж байна. Жишээлбэл, боловсролын салбарыг нь авч үзвэл Хонг Конг өөрийн боловсролын тогтолцоотой бөгөөд энэ салбарыг хариуцах Боловсролын товчоо (БТ) Бээжин дэх Боловсролын яамтай шууд харьцалгүй зөвхөн Хонг Конгийн засгийн газар, Хонг Конгийн татвар төлөгчдийн өмнө тайлангаа тавьдаг ажээ. Үүний сацуу Хонг Конг нь хууль тогтоох эрх бүхий бусад субъектуудтэй хоёр талын хамтын ажиллагаа явуулах, санхүү, худалдаа, боловсрол, соёл гэх мэт салбарт олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй болох бүрэн эрхтэй юм. Хонг Конгийн боловсролын тогтолцоо хосгүй түүх, бүтэц, шинэчлэлийн замналаараа Хятадын бусад хэсгээс эрс ялгарч ирсэн бөгөөд онцлогоо өнөөг хүртэл хадгалсаар байна.

Хонг Конгийн 1000 хавтгай дөрвөлжин км багахан нутагт 7 сая хүн амьдардаг болно. Хонг Конгийн нэг хүнд оногдох ДНБ 42000 ам.доллараас үргэлж давж ирсэн нь энэ арлын хүн амыг дэлхийн хамгийн баян 10 үндэстний тоонд оруулжээ. Арлын эдийн засгийн өсөлтийн 92 хувь нь үйлчилгээний салбараас хамаарч байна. Хонг Конгийн хилийн цаана Хятадын эх газарт 80 сая хүн Хонг Конгийн хөрөнгө оруулагчдад ажилладаг ажээ.

Хонг Конгийн хүн амыг бүрдүүлэгч гол угсаатан нь хятадууд юм. Хонг Конг аралд суурьшигч барууны орнуудаас гаралтай цагаан арьст хүмүүс тоогоор цөөн боловч нөлөө бүхий олон үндэстэн иргэдийн хувиар ажил төрлөө явуулдаг байна. Хятад угсааны хүмүүс нь түүхийн янз бүрийн үед тус аралд ирсэн цагаачдаас гаралтай ажээ. Сүүлийн үед хятад хүмүүс цагаачлан сууршигчын хувиар, эсвэл жуулчин, түр оршин суугчийн хувиар эх газрын Хятадаас ирэх нь нэмэгдсэн байна. Тус арлын хүн амтай харьцуулахад цөөн боловч багагүй ач холбогдолтой хэсэг нь Индонези, Филиппинээс ихэвчлэн түр зуур оршин суух зөвшөөрөлтэй ирсэн ажиллах хүчин ажээ. Уламжлалаар бол Өмнөд Азийн гаралтнууд нь Энэтхэгээс ирсэн бизнес эрхлэгчид, Пакистаны хар ажилчин буюу үйлчилгээний ажилтнууд, Непалын гурка нар байв. Хонг Конгийн оршин суугчид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь дэлхийн хамгийн урт наслагчдын тоонд багтддаг байна.

Хонг Конгийн боловсролын тогтолцоонд 1100 орчим сургууль үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хүн амын тоо огцом буурч байгаагаас шалтгаалан сургуулийн тоо цөөрсөн ажээ. Нас бүрээр авч үзвэл бүлгийн тоо 1980-аад онд 9000 байснаас ойрын жилүүдэд 4000 болтол буурчээ. Төрөлтийн тоогоор нэг эмэгтэйд 0.9 хүүхэд ногдож байгаа нь нэг эмэгтэйд 2.1 хүүхэд ногдсоноор хүн ам нөхөн үрждэг түвшнээс хамаагүй доогуур байна.

Хонг Конгийн боловсролын тогтолцоо Британий колоний захиргааны томоохон бүрэлдэхүүн хэсэг юм (Зураг 1). Сургуулийн тогтолцоо нь сурагчийн ирээдүйд тун чухал үүрэгтэй Боловсролын шалгалтын үнэмлэх олгодог Британий 5 жилийн дунд сургуулийн хэв шинжийг хадгалжээ. Тус үнэмлэх бүх залуу хүмүүсийн хувьд ажиллах, суралцах боломж аль алийг нь нээж өгдөг байна. Үүний дараа их сургуульд элсэх А түвшний шалгалтанд зориулсан боловсролын шат бий. Гэвч энэ тогтолцоо засаж сайжруулах шаардлагатай тулгарчээ. Энэ талаар дор өгүүлэх болно.                         

Зураг 1: Хонг Конгийн боловсролын тогтолцоо 2012 он хүртэл

Их сургууль

 

 

Дэд зэрэг/Дээд диплом

Насан туршийн

боловсрол

 

ТМС

А түвшин/ Их сургуулийн бэлтгэл (2 жил)

 

Ахлах дунд (2 жил)

 

Дунд (3 жил)

 

Бага (6 жил)

 

СӨБ (3 жил)

 

 

Дайны дараах жилүүд: Элит тогтолцооны суурь тавигдсан нь

Хятадын эх газарт сургуулийн тогтолцоо 1905 онд Иргэний шалгалтыг халснаар анх эх үүсвэрээ тавьсан бол Хонг Конг аралд түүнээс хамаагүй өмнө сургуулиуд байгуулагдсан бөгөөд тэдгээр нь эх газраас хамааралгүй байв. Хонг Конгийн тэргүүлэх элит сургуулиуд нь Британий “нийтийн” (өөрөөр хэлбэл, хувийн) сургуулийн загварыг дуурайжээ. Гэхдээ Хонг Конгийн хүн ам хятад угсаатан давамгайлсан тул сургуулиуд нь хятад соёлд зохицсон байна. Энэ хэв маягийг, ялангуяа Дэлхийн 2- дайны дараагаас Британий колоний орон нутгуудын онцлогт тааруулан явуулсан бодлогоор давхар дэмжсэн ажээ. Иймд Хонг Конгийн боловсролын тогтолцоо нь Хятадын соёл ба Британий уламжлалын холимог тогтолцоо бөгөөд сургуулиуд нь энэ хоёр ертөнцийн хамгийн сайныг өөрт шингээж авсан гэж хэлэхэд буруудахгүй юм.           

Хонг Конгийн боловсрол Дэлхийн 2-р дайны дараа ч, бүр 1960 оныг хүртэл элит хэвээр үлджээ. Хонг Конг нь жилд 100-200 оюутан элсүүлж авдаг цорын ганц их сургуультай байв. Энэ нь Хонг Конгийн их сургууль. Нэлээд хатуу чанга бага сургуулийн шалгалт нь хожим Дунд сургуулийн элсэлтийн шалгалт болсон бөгөөд хэдийгээр бага боловсрол бүх нийтэд түгээмэл байсан авч бага сургуулийн түвшинд шалгалтын дарамт шахалт давамгайлах болжээ. Дайны дараа хүүхэд төрөлт огцом нэмэгдсэн нь сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэв. Гэвч дунд сургуульд элсэн орох нь чанга хатуу элсэлтийн шалгалтаас хамаарсан хэвээр байжээ.       

Хонг Конг аралд төрийн сургууль цөөхөн байв. Гэхдээ 1950-иад оноос засгийн газар нь сургуулийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд (ихэвчлэн сүм, сайн санааны хандивлагч байгууллага болон бусад холбоод, агентлагууд)-дад татаас өгч ирсэн ба түүгээр төрийн сургуулийн тогтолцоог байгуулжээ. Олон тооны ийм сургууль эхэндээ тааруухан нөхцөлд (орон сууцны дээвэр дээр г.м) үйл ажиллагаа явуулж байсан боловч 1970, 80-аад оноос тэдэнд газар, сургуулийн байр өгсөн байна. Өнөө үед тэдгээр сургууль орчин үеийн материаллаг баазаар хангагджээ. Товчхондоо Хонг Конгийн засгийн газар улсын сургуулиудын тогтмол зардал (сургуулийн байр г.м)-ын ихэнхийг, хувьсах зардал (багшийн цалин г.м)-ийг бараг бүгдийг гаргадаг боловч төрийн бус байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагааг  эрхлэн явуулдаг. Тэдгээр байгууллага Туслалцаа үзүүлэх код буюу засгийн газартай байгуулсан нэгэн төрлийн гэрээг мөрдөж ажилладаг байна. Туслалцаа үзүүлэх код нь гүйцэтгэлээс илүүтэйгээр үйл ажиллагааны процедурыг зохицуулдаг гэдгийг эс тооцвол туслалцаа авдаг сургуулиуд нь АНУ дахь чартер сургуулийн ойлголт руу дөхөж очно.

Хонг Конг өнөөдөр ч гэсэн төгсөгчид нь дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн элсэлтэд хүчтэй өрсөлдөгчид болж төгсдөг цөөн элит сургуультай ажээ. Гэхдээ тэдгээр сургуулийн сурагчид заавал баян гэр бүлээс гаралтай байх шаардлагагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хонг Конг бол залуу хүмүүс гэр бүлийн гарлаас үл хамааран уйгагүй хөдөлмөрийн хүчээр амжилтад хүрнэ гэсэн хятад итгэл үнэмшлийн тод жишээ юм. Гэхдээ тус арлын сургуулиуд сурлагын амжилт төдийгүй спорт, хөгжимөөр ч шилдэг амжилт үзүүлдэг бөгөөд ихэнх төгсөгчид нь ихэвчлэн гайхалтай, бие даасан сурагчдын байгууллагаараа дамжуулан дээд боловсролын манлайлагчид болдог байна. Хонг Конгийн сургуулиуд манлайлагчдыг өсгөн бойжуулдаг.

Ихэвчлэн ашгийн бус хувийн сургуулиуд сургууль дутагдсанаас үүдэн 1970-аад онд огцом олширчээ. Ийм сургуулиуд нь чанар муутай боловсрол олгох хандлагатай байснаас үүдэн 1980-аад онд улсын сургуулийг өргөжүүлэх үед аажмаар алга болсон байна. Гэвч зууны төгсгөлөөр олон улсын сургууль гэх шинэ төрлийн элит хувийн сургуулиуд байгуулагджээ. Эдгээр сургууль ихэвчлэн тус арлын сурагчдыг элсүүлж байна.

 

Нийтээр боловсрох шаардлага: 1960-аад оны хандлага       

1965 онд шинэ хууль тогтоомжоор заавал эзэмших 6 жилийн бага боловсролыг нэвтрүүлжээ. Бага сургуульд хамрагдалт тун удалгүй бараг 100 хувьд хүрсэн байна. Энэ нь бага сургуулийн дараах түвшинд гурван жилийн боловсролыг үнэ төлбөргүй олгох хэрэгтэй юу гэсэн ширүүн маргааныг араасаа дагуулсан ажээ. Засгийн газрын сургуульд хамрагдалтыг өргөжүүлэх бодлого ба боловсролыг улам их хүсэж буй нийгмийн санаархалын хооронд зөрчил гарчээ. Энэ зөрчил нь сургуулийг хэр хурданаар өргөжүүлж байна вэ гэдэгт байв. Засгийн газар 1970, 80-аад онд Хонг Конгийн эдийн засгийн гайхамшиг болсон аж үйлдвэрийн ажиллах хүчний нөөц бэлтгэх хэрэгцээнд нийцүүлэн пирамидан тогтолцоог хэвээр хадгалахыг зориглон чармайжээ. Ингэснээр засгийн газар ахлах дунд боловсролыг аажмаар өргөжүүлж, бүх нийтэд бага, дунд боловсрол олгохын зэрэгцээ их сургуулийн элсэлтийн тоог маш бага хэмжээнд тогтоон барьж иржээ. Энэ явцад нийгэмд тэгш байдлыг хангах зорилт урган гарч, ингэснээр бүх нийтийн дунд боловсролыг улам бүр өргөжүүлэх шаардлага буй болжээ. Хонг Конг олон улсын шахалт, ялангуяа Тариф, худалдааны ерөнхий гэрээ (GATT)-ээс үүдэн 1978 онд заавал эзэмших 9 жилийн дунд боловсролыг тогтолцоондоо нэвтрүүлсэн байна.

Дараагийн алхам нь Дунд сургуулийн элсэлтийн шалгалтыг халах явдал байв. Энэ нь бага боловсролын түвшинд сургуулиудыг албан шалгалтаас чөлөөлөх анхны түүхэн алхам болж чаджээ. Гэхдээ сургуулиуд стандартын хувьд ялгаатай хэвээр үлдэв. Шалгалтыг сурагчдын түвшинг тогтоох механизм болгон өөрчилсөн нь сургуулийн дотоод үнэлгээ, сурагчдыг таван бүлэг болгон ангилдаг сургууль хоорондын үнэлгээ, эцэг, эх компьютер ашиглан санамсаргүй түүвэрээр сургуулийн сонголт хийдэг туршлагыг нэг дор хамтатган боловсруулсан “шинжлэх ухаанч арга” байсан ажээ. Энэ бүхний эцэст хамгийн шилдэг сурагчид хамгийн шилдэг суруульд элсэн орно. Гэхдээ албан шалгалтыг халсан боловч сургуулиуд сурагчдынхаа гүйцэтгэлийг харьцуулах хэрэгсэл болгон бүхий л төрлийн тестийг бий болгон ашигласаар байв. Шалгалтад бэлтгэх явдал амь бөхтэй хэвээр үлдсэн бөгөөд энэ нь цогц шинэчлэлийн үе хүртэл өөрчлөгдөөгүй юм.

Боловсролын төлөөх зорилт заавал эзэмших 9 жилийн дунд боловсролыг тогтолцоонд нэвтрүүлснээр зогссонгүй. Нийлүүлэлт нэмэгдэхэд эрэлт хэрхэн нэмэгдэж буйн өвөрмөгц жишээ нь сурах бичиг байв. Засгийн газраас нэг их арга хэмжээ аваагүй байхад 1980-аад оны сүүл үе гэхэд дунд сургуулийн элсэлт бараг бүх нийтийг хамарсан байна. 1982 онд Мэргэжлийн сургалтын зөвлөл байгуулагдаж, мэргэжлийн боловсролын (дадлага, үйлдвэрлэл, техникийн хөтөлбөрүүд) нарийн тогтолцоо бий болсон нь дунд сургуулийн элсэлтийн тоог улам нэмэгдүүлэв.

Дараагийн сорилт тэмцэл нь дээд боловсролыг өргөжүүлэх байв. 1980 оны эхэн үе хүртэл Хонг Конг жил бүр 3 хувийн өсөлттэйгээр их сургуульд орж буй зохих насныхны нийт элсэлтийн үзүүлэлтийг 1-2 хувьд хадгалсан байна. Хонг Конгийн өөрийнх нь их суруулийн элсэлт хоёр их сургуулиар хязгаарлагдаж байсан бол санхүүгийн бололцоотой хэсэг нь гадаадын суруульд явж суралцах боломжтой байлаа. Дээд боловсролын элсэлтийг нэмэгдүүлэх хэд хэдэн оролдлого гарч байсан боловч засгийн газар зөвхөн 1988 онд тэдгээрийг хэрэгжүүлэхээр шийдэв. Тэр жил Хонг Конгийг Хятадад шилжүүлэх шийдвэр болон өөр бусад улс төрийн өөрчлөлттэй холбоотойгоор цагаачид бөөнөөр иржээ. Энэ нөхцөл байдал Хонг Конгийн засгийн газрыг дээд боловсролд хамрагдагчдын тоог түүнд хамрагдвал зохих насны хүн амын 18 хувь хүртэл нэмэгдүүлэхэд хүргэсэн байна. Засгийн газрын бодлого ба нийгмийн хүсэл санаархалын хооронд өөр нэг тэмцэл үүссэн нь дээд боловсролын хамрагдалтыг дээрх түвшинд хүргэж чадах уу гэдэгт оршиж байв. Гэвч 1990 оны эхээр л 18 хувийн зорилтдоо хүрч чадсан юм.

 

1990 оноос өнөөг хүртэл: Боловсролын цогц шинэчлэл рүү                        

1990-ээд оны сүүл үеэс Хонг Конг дахь боловсролын талаарх хэлэлцүүлэг  сургуульд хамрагдалтыг өргөжүүлэх явдлаас “боловсрол юу өгөх ёстой вэ?” гэсэн сэдэв рүү шилжжээ. Улмаар боловсролын цогц шинэчлэл 1999 онд эхлэв. Тухайн үед энэ санаачлага боловсролын тогтолцоонд олон нийт бүхэлдээ сэтгэл дундуур байснаас үүдэн гарч иржээ. Эцэг, эхчүүд сургуулиар олгож буй боловсролд сэтгэл дундуур, ялангуяа шинээр байгуулсан нийтийн сургуулиудад хүүхдүүд нь таагүй зүйлтэй учирч байгаад үргэлж цухалдах болжээ. Жишээлбэл, хүүхдүүд гэрийн даалгавараа хийхдээ бараг шөнө дунд хүртэл ажилладаг төдийгүй тэдний сурсан ихэнх зүйл цээжилсэн зүйлээ буцааж хэлэхээс илүү гарч бараг чадахгүй байлаа. Тэд хүүхдүүдээ илүү сайн сургуульд шилжүүлэхийн тулд хатуу ширүү өрсөлдөөнд оруулахыг төдийлэн хүсэхгүй байв. Санхүүгийн хувьд боломжтой хэсэг нь либерал философи бүхий олон улсын сургуульд хүүхдээ илгээдэг болжээ. Тэнд хүүхдүүд нь илүү баяр баясгалантай мэт харагддаг байв. Харин багш нар дээрхийн эсэргээр хүүхдүүддээ сэтгэл дундуур байсан ажээ. Сэтгэн бодох стандарт, сэдэлжилт уналтад орсон байна. Мөн ажил олгогчид шинээр ажилд орогчид улам бүр нарийсан хөгжиж буй ажлын байранд ажиллах бэлтгэл хангалтгүй байгаагаас үүдэн сургууль төгсөгчдийн чанар, чадварт сэтгэл дундуур болжээ.

Энэ бүхнийг дахин тунгааж үзвэл талууд сэтгэл дундуур байгаа явдлыг цөөн хэдэн маш чухал хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт, сургуулиуд цөөн сурагч шилж авдаг байснаа зогсоож, бараг хүн бүгдийг сургах үүрэг хүлээх үед үүндээ бэлтгэлгүй байсан. Одоо тогтолцоонд сурагчид илүү “холимог” байдалтай болсон боловч багш нар ерөнхийдөө хоцорсон сурагчдыг орхиж, зөвхөн чадвартай сурагчид боломж олгодог элитэд зориулсан арга барилаа өөрчлөхгүй хадгалсаар байв. Хоёрдугаарт, хариуцлагын мэдрэмж заавал эзэмших боловсролыг нэвтрүүлснээс хойш өөрчлөгдсөн. Зүдэрч байж элссэн сургуульдаа тааруухан байх юм бол сурагчид зэмлэл хүлээдэг байв. Харин одоо хичнээн тааруухан байсан ч заавал эзэмших боловсрол нэвтэрснээр зэмлэл багш, сургууль дээр буух болжээ. Гуравдугаарт, хэдийгээр сургалтын хөтөлбөр, сурган хүмүүжүүлэх ухаанд шинэчлэлийг (1970-аад онд дунд сургуульд шинжлэх ухааны интеграцчилсан хичээл нэвтрүүлсэн, бага ангийн “үйл ажиллагааны арга барил”-ын өөрчлөлт хийсэн г.м) амжилттай явуулж байгаа боловч ерөнхий орчин нь нэг хэвийн сургалтын хөтөлбөр, дидактик сургалтад түшсэн хэвээр байна. Энэ байдалд өрсөлдөөн ихтэй нийтийн шалгалт, их сургуулийн элсэлтийн үйл явц улам дэм өгч байна. Дөрөвдүгээрт, магадгүй хамгийн чухал нь ажил эрхлэлтийн хэв маяг үндсээрээ өөрчлөгдөж байна. Өмнө нь зөвхөн 9 жилийн боловсролтой залуус чадвар эзэмшилгүйгээр үйлдвэрийн газруудад хөх захт ажилтнаар амархан ордог байсан бол ихэнх ийм үйлдвэр хилийн чанадад, хөдөлмөрийн хөлс хамаагүй хямд Өмнөд Хятад руу нүүсэн ажээ. Үүнээс үүдэн өргөжин тэлсэн Хонг Конгийн үйлчилгээний салбар нь ажиллах хүчнээс дээд түвшний мэдлэг шаардаж байна.

Хураангуйлж харвал 20-р зууны төгсгөлд Хонг Конгийн боловсролын тогтолцоо  нэг талаар илүү олон хүүхдийг боловсролд хамруулах гэсэн хүчин чармайлтаасаа, нөгөөтэйгүүр боловсролын талаарх нийгмийн хүлээлт өөрчлөгдөснөөс олон тооны бүтцийн хямралтай нүүр тулжээ.

Энэ талаас нь харвал тухайн үеийн тогтолцооны хямрал нь засгийн газрын чадавхигүй байдал буюу муу менежментийн асуудал гэхээс илүү хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм ба боловсролын хэвшсэн хандлагын хооронд ан цав улам ихсэж буйн илрэл байв. Үүний шийдэл нь сургуулийн хийдгээс илүү сайныг хийхийг оролдох бус, харин боловсролыг өөр аргазүйтэй болгох байсан юм. Энэ нь 1999 онд эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж буй Хонг Конгийн боловсролын цогц шинэчлэлийн эхлэл байжээ.

Шинэчлэлийг боловсролын бодлогыг хянан зөвлөх үүрэгтэй субъект Боловсролын комисс толгойлон явуулав. Комиссын цөм нь дөрвөн хүнээс бүрджээ: дарга (тэрээр олон улсын нэг гол банкны тэргүүн байсан), дэлхийн хэмжээний туршлагатай их сургуулийн профессор, ухаалаг, хэрсүү сургуулийн захирал, шинэчлэлийн үүргийг өөрт хүлээсэн Боловсролын байнгын нарийн бичгийн дарга.

Шинэчлэл нь оролцогч талуудыг нэгтгэн зохион байгуулах үе шатаар эхлэв. Нийгэм дэх 800 манлайлагч өөрсдийнх нь санаа тавьж буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилго бүхий их чуулганд уригдсан байна. Хуралдаан хариулаагүй 100 асуулт бүхий “Боловсролыг асуух нь” гэсэн илтгэлээр эхэлжээ. Эцэг, эхчүүд, ажил олгогчид, хоорондоо эвлэлдсэн иргэдийг төлөөлсөн хурлын оролцогчид Боловсролын комиссыг хуучин аргаасаа эргэлт буцалтгүй салах шийдвэр гаргахыг бухимдангуй өнгөөр шаардсан байна. Үүний дараагийн компанит ажлаар сургууль бүрийг “итгэл найдварын цаасан мод”-той болоход нь дэмжин тусалсан бөгөөд  сурагчид модонд “Би боловсрол ....байх ёстой гэдэгт итгэдэг” гэсэн өгүүлбэрээр эхэлсэн зурвас цаас өлгөж саналаа дамжуулжээ.

Дараагийн шатанд шинэчлэлийн аргазүйг боловсруулав. Ингэхдээ “Боловсролын зорилго”-ын талаар асуусан асуултууд бүхий баримт бичиг хэвлэн гаргасан байна. Энэ нь нийгэм дэх ойрхи үеийн өөрчлөлтүүдийг зурагласан бөгөөд жагсаан бичсэн боловсролын шинэхэн зорилтуудыг санал болгожээ. Олон нийтийг энэ үйл явцад урьж оруулснаар тэд 40 000 гаруй санал сануулгыг өргөн барьсан ажээ. Энэ нь нийгмийг хамарсан компанит ажил болсон бөгөөд түүгээр дамжуулан нийгэм хэрхэн өөрчлөгдөж, энэ өөрчлөлт юу юуг сануулж буй талаар Боловсролын комисс ихээхэн зүйлийг ойлгож авсан байна.

Энэ явцад Боловсролын комисс нь өөрийн суралцахуйн үйл явцын хэсэг болохын хувиар шинэлэг зөвлөлгөөнийг удаа дараа зохион байгуулсан бөгөөд энэ нь тэднийг шийдвэр гаргахад тус болсон байна. Гол мэргэжлийн байгууллага, субъектүүдийн үзэл, байр суурийн талаар олж мэдэхийн тулд тэдэнтэй ярилцлага зохион байгуулжээ. Үүний ердийн нэг жишээг дурдвал Нягтлан бодогчдын нийгэмлэгээс нягтлан бодох ухаанд дур сонирхолтой, чадвартай болгох талаар их сургуулийн хийж чадах хамгийн сайн зүйл нь “түүнийг заахгүй байх юм” гэж сануулжээ. Өөр нэг судалгаа Хонг Конгийн эдийн засгийн гол тулгуур болсон жижиг, дунд бизнесийн байгууллагууд (ЖДБ) ямар ажиллах хүчин хүсч буйд анхаарсан болно. Суурь өөрчлөлтүүд нийгэм, ажлын талбарт явагдсан боловч боловсролын ерөнхий загвар тэдгээрийг гүйцэхгүй байна гэдгийг олж мэдсэн нь Боловсролын комиссын жинхэнэ сурах үйл явц байсан юм.

Боловсролын комисс мөн бусад тогтолцоон дахь шинэчлэл, OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага)-ийн орнуудын насан туршийн боловсролын хэв маяг төдийгүй насан туршийн боловсролтой холбоотойгоор өөрийн орны зах зээлийн эрэлт, нийлүүлэлийн талаар судалсан байна. Комисс шинээр нэмэгдсэн ажилгүйчүүдийг дахин сургах арга замд анхаарлаа хандуулсан бөгөөд янз бүрийн аж үйлдвэрлэлд гарч буй ажилгүйдлийн чиг хандлагын талаар ойлгохын тулд үйлдвэрчний эвлэлүүдээр зочилжээ.

Энэ шатны төгсгөлд цогц чанартай хэдий ч шинэчлэл нь гурван зүйлд анхаарах хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон юм: тогтолцооны бүтэц, сургалтын хөтөлбөр, үнэлгээ. Ингээд эдгээр салбарт шинэчлэлийн загвар боловсруулах дэд комиссуудыг байгуулсан ажээ.

2001 онд шинэчлэлийн эхний алхам болгон бага сургууль төгсөхөд авдаг шалгалтыг тогтолцооноос халав. Энэ нь шалгалтыг орлуулах шинэ аргазүй хүлээж байсан сургуулийн захирал, багш нарын дунд зарим нэг төөрөгдөл үүсгэсэн байна. Гэвч энэ арга хэмжээ илүү ач холбогдолтой, сургуульд суурилсан сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх боломж багш нарт олгож, бага сургуулийг шалгалт ба давтлагаас илүүтэйгээр суралцахуй руу чиглүүлснээрээ бага сургуулиудын хувьд амин чухал байсан гэдэг нь батлагдсан юм. Үүний үр дүнд арваас цөөн жилийн хугацаанд бага сургууль төгсөгчид илүү идвэхтэй суралцлагч болсныг дунд сургуулиуд нь харж байгаа төдийгүй олон улсын үнэлгээний харьцуулалтаар тэдний унших чадвар сайжирсан гэдэг нь харагджээ. Тухайлбал, PIRLS үнэлгээгээр 2001 онд Хонг Конгийн бага сургуулийн сурагчдын унших чадварын гүйцэтгэл 14-р байранд байсан бол 2006 онд 2-р байранд эрэмблэгдсэн байна. Дунд сургуулийн түвшинд 15 настай сурагчдыг үнэлсэн PISA үнэлгээ тэдгээр сурагчид гурван чадвар (унших, математик, шинжлэх ухаан)-ын гурвууланд нь жигд, өндөр амжилт гаргасан гэдгийг харуулж байгаа юм (Хүснэгт 1).

Хүснэгт 1: Хонг Конгийн PISA үнэлгээн дэх дундаж оноо

 

Дундаж оноо

Дундаж оноо

Дундаж оноо

Дундаж оноо

Унших

525

510

536

533

Математик

 

550

547

555

Шинжлэх ухаан

 

 

542

549

2002 онд шинэчлэлийн нэг чухал баримт бичиг болох “Сурахыг сурах нь” хэвлэгдэн гарчээ. Энэ нэр хоёр чухал санааг илэрхийлж байна: 1-рт, гол анхаарал заахаас сурах руу шилжсэн, 2-рт, факт цээжлэхээс илүүтэйгээр сурах үйл явцад шинээр анхаарал хандуулах болсон. Өнөөг хүртэл шинэчлэлийн хүчин чармайлтын гол баримтлал болж буй энэ баримт бичигт суралцахуйн талаарх орчин үеийн онолуудыг ашигласан ажээ. Лайманы тайлж өгүүлснээр эдгээр онол дараах санааг агуулдаг:                                                                

  • Суралцахуй нь сурагч идвэхтэйгээр мэдлэг бүтээж байгаа хэрэг.
  • Суралцахуй нь суралцахуйн туршлага гэж нэрлэх үйл ажиллагаагаар дамжин биелэлээ олдог үйл явц.
  • Адилхан туршлага өөр өөр төрлийн мэдлэг бүтээхэд хүргэж магадгүй, өөрөөр хэлбэл хүмүүс суралцахдаа харилцан адилгүй.
  • Ойлгохын тулд суралцдаг.
  • Бүтээсэн мэдлэгийг үр дүнтэй ашигласнаар ойлголт илэрч харагддаг.
  • Үр дүнтэй суралцахуйн туршлага мэдлэгийн интеграцийг үргэлж шаарддаг.
  • Ийм учраас бодит үр нөлөө бүхий амьдралын туршлагаар л хамгийн сайн сурна.
  • Мөн суралцахуй нь хамтаараа хамгийн сайн хийдэг нийгмийн үйл хөдлөл.
  • Сайжирсан гэсэн мэдрэмж нь хүний суралцахуйг сэдэлжүүлдэг.         

 Дээрх нь суралцахуйн конструктив онолуудын ерөнхий зарчмуудыг хураангуйлсан хэрэг юм. Хонг Конг дахь шинэчлэл нь конструктивизмийн аль нэг тусгай дэг сургуульд захирагдахаас илүүтэйгээр суралцахуйн тухай онолуудын нийтлэг сууриудыг зангидаж өөрт нэгтгэсэн байна.

 

Шинэчлэлийн үр дагавар дунд сургууль, дээд боловсролд

Хэдийгээр сургалтын хөтөлбөрийг бүх түвшинд өөрчилсөн боловч үр дагавар нь ахлах дунд сургуулийн түвшинд хамгийн ихээр мэдэгдэж байна:

  • Дунд сургуулийн хөтөлбөрийг эдийн засагт дахь ажиллах хүчний хэрэгцээнд захируулахаас илүүтэйгээр сурагчдад ямар сурах туршлага хэрэгтэй вэ гэдгийг харгалзан боловсруулж байна.
  • Сургалтын хөтөлбөр боловсруулахдаа их сургуулиас дэмжлэг тусламж эрэхээс урьдаар дунд сургуулиуд өөрсдөө шийдвэр гаргаж байна. Их сургуулийн анхаарах ёстой зүйл нь хамгийн сайн сурагчийг шилж элсүүлэх бол хөтөлбөрийн шинэчлэл нь сурагчийн насан туршийн сайн сайхныг өөрийн зорилго болгож байна.
  • Дунд сургуулийн хөтөлбөрийг “судлагдахуун”-аас илүүтэйгээр суралцахуйн найман түлхүүр салбарын хүрээнд боловсруулжээ: хятад хэл, англи хэл, математик, шинжлэх ухаан-технологи, нийгмийн шинжлэх ухаан-хүмүүнлэгийн ухаан, спорт-урлаг, хэрэглээний суралцахуй (сурагчдад бодит амьдралын талбарт хөдөлмөрлөх туршлага эзэмшүүлнэ), бусад суралцахуйн туршлага (үйлчилгээний сургалт, ажлын талбарт зочлох, хилийн чанадад туршлага эзэмших). Эдгээр найман салбараас сүүлийн хоёр нь багш, сургуулиудын хувьд шинэ ажээ.
  • Дээд боловсролын байгууллагуудтай хийсэн удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд их сургуульд үргэлжлүүлэн сурах сурагчид дараах дөрвөн салбарт өөрийн гүйцэтгэлийг харуулах болсон ажээ: хятад хэл, англи хэл, математик, чөлөөт судлал (Liberal Studies) гэж нэрлэсэн шинэ хичээл. Мөн дээд боловсролын байгууллага, хөтөлбөрүүд дахин нэг судлагдахуунаар сурагчдын гүйцэтгэлийг харах хүсэлт тавьж магадгүй. Энэ бүхэн нь дээд боловсролын байгууллагууд үзсэн хичээлийнх нь тоонд суурилан оюутан сонгон элсүүлэхээс элсэгчдэд илүү өргөн хүрээний туршлага эзэмшүүлэхийн ач тусыг ойлгох чиглэл рүү өөрчлөгдөж байна гэдгийн тусгал болно.
  • Чөлөөт судлал нь Хонг Конгийн дунд боловсролын үнэлгээний шинэ салбар юм. Энэ хичээлээр цагийн хуваарийн дагуу, гэхдээ хэвшмэл хичээлийн төлөвлөгөөгүйгээр өргөн хүрээний сэдвийг судалж суралцахуйн туршлага эзэмшинэ. Иймд үнэлгээ нь уян хатан ажээ. Энэ хичээлээр багш нар сурагчдад өөртөө зориулан сургалтын төлөвлөгөө (learning schema) боловсруулж, дээд эрэмбийн буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх боломж олгоно. Энэ төлөвлөгөө өнөө цагийн байдал болон сурах бичгийн бус мэдээлэлд түшдэг байна. Энэ хичээлээр оновчтой асуулт асуух, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, ухагдахуун томьёолон гаргаж ирэхийн тулд эрэл хайгуул хийх, таамаглал буюу онол дэвшүүлэх үйл ажиллагаа явуулна.

Сургалтын хөтөлбөрийн энэ бүх засвар өөрчлөлт нь дунд, ахлах, дээд боловсролын 5+2+3 жилийн (Британыг дуурайсан) тогтолцооноос 3+3+4 тогтолцоонд шилжиж, 3 бус 4 жил сурч бакалаврын зэрэг эзэмшдэг болох шинэ сургуулийн тогтолцооны бүтцийн өөрчлөлтийн хөрс суурин дээр хийгдэж байна (Шинэ тогтолцооны бүтцгийг Зураг 2-оос харна уу).

Зураг 2: Хонг Конгийн боловсролын тогтолцоо 2012 оны дараагаас                       

Их сургууль

 

 

Дэд зэрэг/Дээд диплом

Насан туршийн

боловсрол

 

ТМС

Ахлах дунд (3)

 

Дунд (3)

 

Бага (6)

 

СӨБ (3)

 

 

Дээд боловсрол нь одоо шинэ тогтолцоон дахь нэмэлт жилийг яаж хамгийн сайн ашиглах вэ гэдэгт анхаарч байна. Бараг бүх дээд боловсролын байгууллага нэмэлт жилд тусгайлсан мэргэжлийн сургалтыг нэмэгдүүлэх бус, харин дунд сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлээс урам зориг авч альтернатив (хувилбарт) суралцахуйн туршлагыг санал болгож байна. Энэ туршлага нь шинэ нийтлэг цөм хөтөлбөр, бүх төрлийн туршлагаар суралцахуй, хилийн чанад дахь оюутан солилцооны өргөжилтийг агуулсан ажээ.

2012 оны дараагаас дээд боловсролын нөхцөл байдал тун өөр болно гэдэг нь ойлгомжтой болжээ. Удаан хугацаанд хэлэлцүүлэг явуулж, загвар боловсруулсны дараа 2009 онд Шинэ ахлах дундын (ШАД) сургалтын хөтөлбөрийг 2012 онд шинэ албан шалгалт авна гэсэн урьдчилсан тооцоотойгоор нэвтрүүлжээ. Мөн 2012 онд их сургуулиуд дээрхэд нийцүүлэн элсэлтийн шалгалтын шаардлагаа өөрчлөх юм. Тайлангийн энэ бүлгийг бичих үед дунд, дээд боловсролын байгууллагууд аль аль нь өөрчлөлтөд завгүй бэлдэж байлаа.

Шинэчлэлд амин чухал нь сургалтын хөтөлбөр ба сурган хүмүүжлийн аргазүйн өөрчлөлтийг дэмжих шинэ үнэлгээний тогтолцоог бий болгох юм. Энэ ажил одоо хийгдэж байгаа бөгөөд суралцахуйн шинэ философийг тусгах, их сургуулийн элсэлтээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хоёр даалгавартай тулаад байна.

 

Шинэчлэлийн удирдахад нөлөөлсөн гол хүчин зүйлс

Хонг Конгийн боловсролын шинэчлэлд удаан хугацааны төлөвлөлт, сайн боловсруулсан бэлтгэл, сайтар сурталчлан таниулах менежмент ач тусаа өгчээ.

Бэлтгэл

Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээс 4 жилийн өмнө буюу 2005 онд засгийн газар сургуулиудын хөтөлбөрт бэлтгэх нягт нямбай үйл ажиллагаануудыг зохион байгуулж эхэлжээ. Үүний ердийн нэг үйл ажиллагааг дурдвал 12 сургуулийн төлөөлөл наад зах нь бүхэл өдрийн “тусгаарлалт”-ад (анхаарал сарниулах зүйлээс тусдаа, нам гүм байдалд уулзах) зориулж зочид буудалд цугална. Төлөөлөгчдийн баг тус бүр зургаан гишүүнтэй: удирдагч, сургуулийн зөвлөлийн гишүүн, захирал, дэд захирал, хоёр багш. Тусгаарласан уулзалт “нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгаа” талаарх нийгмийн нэр хүндтэй нэг манлайлагчийн яриагаар үргэлж эхэлнэ. Улмаар Сургалтын хөтөлбөрийн институт хөтөлбөрийн шинэчлэлийг товч танилцуулах бөгөөд сургуулийн төлөөлөл бүрээс шинэчлэлийг хэрэгжүүлэх өөрсдийн стратегийн талаар хэлэлцэхийг хүснэ. Үүгээр сургуулийн бүлгүүд үзэл, байр суурийнхаа талаар харилцан санал солилцоно.

Дээрх байдлаар дөчин таван семинар зохион байгуулж, бүх сургуулиудыг хамруулсан байна. Улмаар засгийн газар салбар хариуцсан газрын дарга гэх мэт дунд түвшний менежерүүдтэй дээрхтэй ижил сургалт семинар явуулжээ. Сурталчлан танилцуулах менежментийн ийм үйл ажиллагаанууд нь сургуулиудыг шинэчлэл өөрчлөлтөд хөнгөвчилж, шинэчлэлийг тэднээр өөрөөр нь хөгжүүлж, урт удаан шинэчлэлийн явцад онц шаардлагагүй эсэргүүцлийг бууруулсан байна. Энэ нь сургуулиудын ачаалал, аливаа нэг юманд санаа зовох, сатаарах явдлыг ач холбогдолгүй жижиг зүйл болгосноороо маш чухал байв. Шинэчлэлийн нэгэн бэлтгэл хэсэг нь сургуулиудыг ийнхүү анхааралтай сонсох байлаа. Иймд шинэчлэлийг төвөөс боловсруулсан загвар, сургуульд суурилсан хэрэгжүүлэлт, мэргэжлийн дэмжлэгийн нэгдэл байсан гэж харж болох юм.

 

Сурталчлан таниулах менежмент

Өөр нэг тун чухал хүчин зүйл нь бүхий л үйл явцад хэвлэл, мэдээллийг оролцуулсан явдал байв. Шинэчлэлийн загварыг боловсруулах эхэн үе шатанд сурвалжлагчдад зориулан шинэчлэлийн философийн суурь зарчмуудын талаар семинар зохион байгуулжээ. Олон нийт шинэчлэлд оролцоход гол мэдээллийн хэрэгслүүдийн ерөнхий редакторуудыг татан оруулж, тэдэнтэй тогтмол харилцаатай ажиллаж байв. Гэхдээ үйл явцаас хойш 11 жил өнгөрсөн учраас засгийн газар, хэвлэл мэдээлэл байгууллага дахь боловсон хүчин өөрчлөгдсөн ажээ. Иймд тогтсон харилцаа холбоог хэвээр хадгалахад онцгой хүчин чармайлт шаардлагатай юм.

Хэвлэл мэдээллийн харилцаа нь шинэчлэлд зориулсан ухуулан таниулах менежментийн зөвхөн нэг тал юм. Хэдийгээр янз бүрийн шинэчлэлийн үе шатыг туулсан боловч удаан хугацааны туршид тогтмол хөндөгддөг сэдэв нь i) нийгмийн хувиралт, ii) сурагчийн суралцахуй байв. Хэлэлцүүлэг явуулж, шинэчлэлийн дизайныг боловсруулсан эхний жилүүдэд олон тооны баримт бичиг “Нийгэм өөрчлөгдөж байна” гэсэн өгүүлбэрээр эхэлдэг байсан юм. Бүхий л албан тушаал, мэргэжлийн хүмүүс шинэчлэлийн талаарх сэдвийг хэлэлцэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэ завсар сурагчдын суралцахуйд ач холбогдол өгч, тогтвортой хэлэлцсэн нь шинэчлэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн баяжуулж байв. Олон тооны семинар, бага хурлыг боловсролын янз бүрийн сэдвээр явуулж байсан ч энэ хоёр сэдэв тогтмол хэвээр байсан юм.

Гэвч шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нэгэн жигд буюу нэгдмэл загвар байхгүй байна. Мэдээж хэрэг шинэчлэлийн цөм нь хувь хэрэгцээг хүлээн зөвшөөрөх юм. Иймд энэ нь сургуулийг илүү бие даасан байгууллага болгон хувьсгах явдалыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Шинэчлэлийн ерөнхий сэдвийн дор, албан ба их сургуулийн элсэлтийн шалгалтын татах нөлөөн дор сургуулиуд шинэчлэлийг хэрэгжүүлэх янз бүрийн арга замуудыг хөгжүүлж байна. Ямар ч болов шинэчлэлээс үүдсэн өөрчлөлтийн улмаас улс орон даяар сургуулиуд хамтын шийдвэр болон сургууль тус бүрийн бие даасан соёлыг хүндэтгэсэн хөдөлмөрийн хуваарийн өөрийн механизмыг хөгжүүлж байна.

 

ХОНГ КОНГИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ОЛОЛТ БА СОРИЛТ 

Хонг Конгийн боловсролын тогтолцоог хэд хэдэн удаа шинэчилжээ. Гэвч хүмүүс хамгийн сүүлийн өөрчлөлт хүртэлх цаг хугацаанд “шинэчлэл” гэдэг үгнээс болгоомжлон тойрох хандлагатай байв. Ерөнхийд нь авч үзвэл Хонг Конгийн засгийн газар цочир өөрчлөлтийн бус, эерэг философиороо алдартай билээ. Гэвч ойрын жилүүдэд энэ байр суурь хэр зөв эсэхийг асууж, энэ талаар үргэлж маргаж ирэв. Дайны дараах хорин жилд Хонг Конгийн засгийн газар татаас олгохоос илүү өөрчлөлт сургуулийн тогтолцоонд хийгээгүй байна. Түүний дараах жилүүдэд боловсролыг шинэчлэхэд засгийн газраас арга хэмжээ авах нь ач холбогдолтой байсан ч засгийн газрын оролцоо хамгийн бага байх ёстой гэсэн ойлголт хэвээр үлджээ.

Фоукалтын нэр томьёог хэрэглэвэл энэ философийг Хонг Конгийн “governmentality” гэж хэлж болно. Энэ нь засгийн газар сургуульд тохиож буй бүх юмсыг хянагч гэж өөрийгөө хардаг эрх мэдлээс сууриараа өөр юм. Гэвч засгийн газар бүгдийг хянагч гэсэн үзэлд итгэдэггүй, дээр нь Хонг Конгийн засгийн газар үүнийг амьдрал дээр хэрэгжүүлдэг гэдэгт эргэлздэг шүүмжлэгч нар дээрх санааг үлэмж эсэргүүцдэг байна. “Жижиг засгийн газар, том зах зээл” гэсэн бүрхэг ойлголт өнөөг хүртэл Хонг Конгийн бахархал болсон зүйл хэвээр ажээ.

Хонг Конг аралд сургуулийн бие даасан байдлыг алдаршуулж, сургуулийн өөрийн хүч чармайлтын ач холбогдолыг бууруулах аливаа зүйлийг буруу гэж үзсээр байгаа учраас эерэг философи нь сорилттой тулгараад байна.

Энэ бүхний үр дагавар сургууль хоорондын үлэмж их ялгаа байв. Өөр нэг үр дагавар нь муу сургуулиудад анхаарал хандуулж, тэднийг бэхжүүлэх арга хэмжээ авдаг Шанхай, Сингапурын туршлага Хонг Конг аралд дутдаг гэдгээр илэрч харагддаг байна. Хонг Конг нь сургуулиудаа үнэлэхдээ хүртэл хойрго ажээ. Үүний үр дагаварт зарим улсын сургууль стандартын дагуу төрөөс санхүүждэг боловч боловсролын үйлчилгээ нь стандартад хүрэхгүй байна. Эцэг, эхчүүд үүнийг шударга бус гэж хардаг. Гэхдээ нөхцөл байдлыг өөрчлөх нь засгийн газарт цочир арга хэмжээ авах боломж олгох хариуцлагын төрлийг нөхцөлдүүлэх учраас энэ нь дардан биш байж магадгүй юм.

Хэдий ийм ч Хонг Конгийн цогц шинэчлэл үндэслэл сайтай учраас амжилтад хүрч байна: нийгэм дэх суурь өөрчлөлт нь хүний суралцахуйд анхаарал хандуулах шинэ арга замыг шаардаж байна. Шинэчлэлийн сорилт нь амин чухал асуудал болох сурагчийн суралцахуй болон ийм суралцахуйд хэрхэн хамгийн сайн хүрэх вэ гэдэгт байгаа юм.                 

 

Орчуулсан эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл: http://gashuun.mn/10000082

           

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2015 оны 10-р сарын 14. 12:17Зочин - [150.129.141.*]

fuck ymaa

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 98466

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 87185

Хятадуудын яргалал дэлхий даяар зэвүүцэл төрүүлж байна Уншсан тоо: 77189

Монгол бол зэрлэгүүд, харин Хятадууд бол ачтанууд Уншсан тоо: 61149

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 53305

Нэр дэвшигчдийн 5 үеийн намтрыг үзчихмээр байна Уншсан тоо: 49730

“Хотгор шанага”-ын асуудал Өмнөд Солонгосыг доргиож байжээ Уншсан тоо: 45286

Америк боловсролын системээс татгалзахгүй бол Монгол сүйрнэ Уншсан тоо: 34502

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 34104

Арабууд Монголд том газар авч, монголчуудыг ад үзэж эхэлжээ Уншсан тоо: 33444

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 30664

МАН Монгол дахь Хятадын санхүүгийн колоничлолыг дэмжлээ Уншсан тоо: 30602

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга Уншсан тоо: 29922

“Өдрийн сонин” Монголчуудыг түүхээр нь доромжилж эхэллээ Уншсан тоо: 29633

Тэмцэгч Э.Цэрэн дарга нарын дарамтаас болж эх орноосоо гарах нь Уншсан тоо: 29246

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 28350

Есүс хэзээ ч байгаагүй гэж баталжээ Уншсан тоо: 27567

Хойд Солонгос юу үйлдвэрлэж чадах вэ? Уншсан тоо: 26854

Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байжээ Уншсан тоо: 26029

Кимчи, бэлэн гоймон Монголчуудыг хиаруулж байгааг баталжээ Уншсан тоо: 24570

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 23271

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 23033

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 21888

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 21582

Ард түмэн цөхөрч дуусаад, уурсаж эхэллээ! Уншсан тоо: 21540

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 20038

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 19803

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 19763

УИХ маш аюултай хууль баталлаа Уншсан тоо: 19324

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 18394